Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөлтэй хамтран Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-үүдийн практик ур чадварыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр оролцогчдод гэрчилгээ гардууллаа.

 

 

Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн бэлтгэх” Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрах, “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.

 

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хэлсэн үгэндээ “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Та бүхэн энэ удаагийн сургалтаар олон улсын сайн туршлагаас суралцаж, мэргэжлийн арга зүй, практик ур чадвараа ахиулсан. Одоо эзэмшсэн мэдлэг, ур чадвараа өдөр тутмын үйл ажиллагаандаа бодитой хэрэгжүүлж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд мэргэжлийн хувь нэмрээ оруулах нь чухал” хэмээн онцоллоо.

 

 

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бамберг хотын Захиргааны Залуучууд, гэр бүлийн үйлчилгээний газрын дарга Карлхайнз Хуммер, Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Питер Хандшу, Залуучуудын халамжийн газрын Өсвөр насны хүүхдийн хэрэг хариуцсан нийгмийн ажилтан, шүүхийн туслах ажилтан Свен Хартманн нар удирдан явуулж, мэргэжлийн мэдлэг, олон жилийн практик туршлагаасаа хуваалцав.

 

Сургалтын хүрээнд оролцогчид олон улсын сайн туршлагыг судлахаас гадна бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх, мэргэжлийн арга зүйд тулгуурлан ажиллах ур чадвараа дээшлүүллээ. Мөн Монгол Улсын эрх зүйн орчин, ажлын онцлог, практик туршлагаа сургагч багш нартай хуваалцаж, харилцан мэдлэг, туршлага солилцсон юм.

Сургагч багш нар оролцогчдын идэвх, санаачилга, сургалтад хандах хандлагыг өндрөөр үнэлж, практик ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын зорилго амжилттай хэрэгжсэнийг онцлов.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-үүдэд суурь мэдлэг олгох анхан шатны сургалтыг зохион байгуулсан бол “Твиннинг” төслийн хүрээнд олон улсын туршлага, практик арга зүйд тулгуурласан сургалтыг хэрэгжүүллээ.

 

 

Эдгээр сургалтад хамрагдаж, мэргэжлийн чадавхаа бэхжүүлсэн 34 мэргэжилтэн шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах юм.

 

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж, мэргэшүүлэх нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ, эрх, дээд ашиг сонирхлыг цогцоор нь харгалзан үзэх, шүүхийн шийдвэр гаргалтыг мэргэжлийн мэдээлэл, үнэлгээгээр дэмжих, хүн төвтэй шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ