Монгол Улсын Засгийн газрын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолоор баталсан удирдамжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивд 2026 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд улсын үзлэг хийгдэж, амжилттай өндөрлөлөө.

 

 

Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбатаар ахлуулсан Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга, Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэн, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын  ахлах мэргэжилтэн Б.Баясгалан, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйч С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг улсын үзлэгийг хийлээ.

 

Шүүхийн тусгай архивын үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал”-ын 6 үндсэн асуудлын хүрээнд 68 үзүүлэлт бүхий 271 шалгуураар үзлэг хийж 90.7 оноо буюу А үнэлгээтэй дүгнэв.

 

Улсыг үзлэгийг Шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Төв комиссын даргын баталсан хуваарийн дагуу зохион байгууллаа.

 

Монгол Улсын нийт 37 төрийн архивыг хамруулж, 2022-2026 оны архивын үйл ажиллагааг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох тус улсын үзлэгийн нэгдсэн дүн мэдээг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ