Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг сургах, бэлтгэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх хоёрдугаар ээлжийн сургалт 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 10 дугаар сарын 07-27-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх болон сум, сум дундын анхан шатны шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх сургалтыг анх удаа амжилттай зохион байгуулж, шалгалтад тэнцсэн төгсөгчдөд гэрчилгээ гардуулсан.
Хоёрдугаар ээлжийн сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын зарыг орон нутгийн шүүхийн Тамгын газруудад хүргүүлж, улмаар хуульд заасан шаардлагыг хангасан иргэдээс 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар ярилцлага зохион байгуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг сургалтад хамруулж байна.

Сургалт 21 хоног үргэлжлэх бөгөөд гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх, хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, судалгаанд үндэслэн мэргэжлийн тайлан боловсруулах ур чадварыг нэмэгдүүлнэ.

Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн нь хүүхдийн дээд эрх ашгийг бодитоор хамгаалах, гэр бүлийн маргааныг зөв шийдвэрлэх, шүүхийн мэргэшсэн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтаар олгох мэдлэг, ур чадварт онцгой анхаарч ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ