Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд АНУ-ын Небраскагийн их сургуулийн хүндэт профессор, доктор(J.D, Ph.D)Сюзан Жэкобс Жоннсоныг урьж \"Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны сүүлийн үеийн чиг хандлага” сэдвээр өнөөдөр нээлттэй лекц зохион байгууллаа.

 

Энэхүү лекцэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, МУИС-ийн профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гишүүн Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав нар оролцсон юм.

 

\"\"

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж лекцийг нээж хэлсэн үгэндээ \"Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлын олон жилийн туршлагатай профессорыг урьж нээлттэй лекц зохион байгуулж байна. Энэ нь эрх зүйн шинэтгэл эрчимтэй өрнөж буй энэ цаг үед бидэнд ойлголтоо нэгтгэх, эрх зүйн хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Нээлттэй лекцийн хүрээнд Профессор Сюзан Жоннсон ардчиллын тусгал болон олон улсад хэрэгжиж буй Тангарагтны шүүхийн тогтолцоо, БНСУ-ын тэргүүн туршлагыг АНУ-ын шүүхийн практиктай харьцуулан танилцуулсан юм.

 

\"\"

 

Нээлттэй лекцэд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны ажилтнууд, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Прокурорын газар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачид болон хууль зүйн их, дээд сургуулийн багш, оюутнууд зэрэг 100 гаруй оролцогчид хамрагдлаа.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН