IMG-LOGO
 2021-11-24

Хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

 

       Шүүхийн ерөнхий зөвлөл болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хооронд өнөөдөр Санхүүжилтийн гэрээ байгууллаа. Гэрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа нар гарын үсэг зурсан юм.

 

       Гэрээг үзэглэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн сургалт, судалгааны төвийн захирал Б.Айбек болон “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар байлцав. 

 

       Хамтран ажиллах гэрээний хүрээнд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний шатлан дэвших боломжийг нэмэгдүүлэх замаар тэдгээрийн ажлын байрны тогтвортой байдлыг хангаж, шүүхийн үйлчилгээг илүү мэргэшсэн, чанартай, хүртээмжтэй болгох чиглэлээр сургалтууд зохион байгуулах юм. Түүнчлэн сургалтын техник, тоног төхөөрөмж худалдан авахад төслөөс хөрөнгө оруулах бөгөөд нийт 100 мянган еврогийн санхүүжилт хийгдэнэ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хамтын ажиллагааны энэхүү гэрээг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлээд гэрээг хэрэгжүүлснээр шүүхийн захиргааны ажилтны сургалтыг шинэ түвшинд гаргаж буйг онцлов.

 

       “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа цар тахлын хязгаарлалтын дэглэмийн нөхцөл байдалд хоёр тал хамтын ажиллагаагаа таслалдуулалгүй нягт хамтарч ажилласан гэдгийг цохон тэмдэглэлээ.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар