Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн.
2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагийн байдлаар тус хэрэг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирээгүй байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар удаа дараа дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн шүүх хянан шийдвэрлэхгүй байгаа мэт ташаа мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна.
Цаашид шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт үндэслэлгүй мэдээллийг дахин тараахгүй байхыг үүгээр мэдэгдье.

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР