Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан “Иргэний эрх зүй-2020 буюу Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг  ба Иргэний хуулийн хэрэглээ” сургалт  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 ээлжээр Нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

         Сургалтын I ээлж өнөөдөр Сүхбаатар, Дундговь, Увс, Завхан, Сэлэнгэ аймгуудад тус тус эхэллээ.

 

      

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 108 дугаар тушаалаар баталсан “Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба Иргэний хуулийн хэрэглээ”  хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалт эргэлзээтэй, тодорхой бус тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх онол арга зүйн мэдлэгийг олгох, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

 

   

    Тус сургалтыг дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэж буй шүүхийн практик зэрэг сэдвүүдээр Улсын дээд шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгч-сургагч багш нар удирдан явуулж байна.

 

 

     Иргэний эрх зүйн сургалтын II ээлж Булган аймагт болон Улаанбаатар хотод  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. 

 

 

     Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран  зохион байгуулж байна.

 

   

     Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 260 шүүгч нийслэл болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хамрагдах бөгөөд энэхүү сургалтаар хуульчийн 3 багц цагийг тооцох юм.

 

                  

              Шүүхийн хүний нөөцийн газар