Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна” гэж заасан.

    Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун нараас бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг анхны хурлаа 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, чуулганыг зохион байгуулахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

       Ажлын хэсгийн ахлагчийг сонгох нууц санал хураалт явуулж, гишүүдийн 100 хувийн саналаар Улсын дээд шүүхийн шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг сонгов.

     Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.2.4-т заасны дагуу батлах хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын төсөл, Нийт шүүгчийн хуралдааны дэгийн төслийг тус тус судалж боловсруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, олон нийтээс асуулт, санал авах, санал хураалтыг   зохион байгуулах хувилбар, тооцоог судалж танилцуулах чиглэлээр ажлын хэсгийн гишүүд ажиллахаар тогтов.

 

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс