Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн инновац, цахимжуулалтын хорооны ахлагч Г.Даваадоржтой шүүхийн цахимжилтын талаар ярилцлаа.

 

        Бид цахим технологийн эрин зуунд амьдарч байна. Монголын шүүхийн цахимжилт ямар түвшинд байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

       Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт түүнд нийцүүлж баталсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхээс гадна шүүх иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байхад чиглэсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үндэс, суурийг тавьсан.

       Үүний тод жишээ бол мэдээллийн технологийг ашиглан шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамж, цахим платформыг хөгжүүлэх, шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахтай холбоотой тодорхой зохицуулалтууд орсон.

       Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хүрээнд 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг баталсан. Тэгэхээр энэхүү цахим бодлогыг хэрэгжүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурыг гаргах, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг “Astvision” ХХК хийж, гүйцэтгэж байгаа.

 

       Цахим хөгжлийг дэмжих багц хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Эдгээр хуулийн хэрэгжилт нь шүүхийн цахим бодлоготой хэрхэн уялдаж байгаа бол?

 

       Технологийн хөгжлийг амьдралд нэвтрүүлэх, түүнийг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, аюулгүй хүргэх ажлын хүрээнд 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Цахим хөгжлийн үндэсний хороо”-г байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Түүнчлэн 2021-2024 онд “DIGITAL NATION” буюу “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Үүнээс гадна УИХ-аас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, цахим хөгжлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах зэрэг ажилд ихээхэн анхаарч байна. Ингээд УИХ-аас цахим багц хуулийг батлан гаргаж, 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тухайлбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай зэрэг хууль. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахим бодлогыг боловсруулан батлахдаа мэдээж цахим багц хуулийн хүрээнд, хуулийн хэрэгжилт, уялдааг хангахад чиглэсэн бодлогыг баталсан.

 

       Тэгэхээр цахим багц хууль, болон шүүхэд мэдээллийн технологийг нэвтрүүлэх цахим бодлого, энэ ажилд зарцуулах тодорхой хэмжээний төсөв батлагдсан учраас шүүхийн цахимжилт саадгүй явах нь гэж ойлгож болох уу?

 

       Хараахан тэгж ойлгож болохгүй байх. Гадаад улс орнуудын дижитал шилжилтийн туршлагаас харахад олон бэрхшээлийг даван туулаад явж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, тэдгээр бэрхшээлийг тойрохгүй. Бид эхлээд шүүхийн цахимжилт гэдгийг дан ганц шүүхийн асуудал биш гэдэг талаас нь харах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн бүхий л байгууллага, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэлийн гээд олон талын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох интеграци, хууль эрх зүйн орчинд ач холбогдол өгөх ёстой. Одоо бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин юм. Тодруулбал, иргэн, эрүү, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудад цахимаар мэдүүлэх, цахим нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, цахим хавтаст хэрэг үүсгэх, цахимаар мэтгэлцэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Жишээлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өөрөө хүсвэл тоон гарын үсгээ ашиглаад цахимаар нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд цахимаар оролцох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанаас эхлэх боломжтой. Одоогийн байдлаар хур системд байгаа баримтыг “Е-Mongolia”-аас цаасаар хувилаад, цаасан хавтаст хэрэгт хийгээд явж байгаа. Энэ байдлыг л халахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, садан төрлийн холбоо тогтоох, төрөлт, үрчлэлт, гэрлэлт, нас баралт, хүний ажилласан байдал, хүүхдийн эцэг, эхийг тогтоох зэрэг олон хэргүүдийн нотлох баримтууд нь нийтийн мэдээллийн дэд бүтэц дэх үндсэн систем буюу хур системд хадгалагдаж байгаа. Хур систем нь Үндэсний дата төвд байрлах тархмал бүтэц бүхий төрийн мэдээлэл солилцооны систем. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч бүрэн боломжтой. Учир нь: Хэргийн нэг оролцогч нь захиргааны байгууллага байдаг тул маргаанд хамаарах нотлох баримтууд нь ихэвчлэн төрд өөрт нь байгаа, зарим хэсэг нь хур системд байгаа баримтууд байдаг. Иймээс бид шүүхэд цахимаар мэдүүлэх платформыг бий болгож, эрх зүйн орчныг бүрдүүлснээр “Е-Mongolia”-тай интеграци хийж, нийтийн мэдээллийн дэд бүтцийн үндсэн болон дэмжих системийг цахим орчинд нь, жинхэнэ утгаар нь ашиглах боломж бүрдэнэ. Үндсэн болон дэмжих системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Засгийн газрын тогтоолоор “И Монголиа академи УТҮГ”-т хариуцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэргүүд, цагдан хорио зэргийг бүрэн цахимжуулаад явах боломжтой. Гадаад улс орнуудын туршлагаас харахад процессын хуулиудад ерөнхий зохицуулалтыг оруулаад, бусад нарийн зохицуулалтыг журмаар хэрэгжүүлээд явдаг туршлага нийтлэг байна. Тэгэхээр бидэнд тусдаа цахим хавтаст хэргийн хууль байдаггүй юмаа гэхэд процессын хуулиудад цахимаар мэдүүлэх, цахим хавтаст хэрэгтэй холбоотой ерөнхий зохицуулалтыг оруулж байж цаашдаа шүүхийн цахимжилт, мөн бусад хуулийн байгууллагын цахимжилт хэрэгжих боломжтой.    

 

       Шүүхийн цахимжилт нь шинэ түвшинд гарч ирснээр иргэдийн цаг, мөнгийг хэмнэхээс гадна шүүхийн үйл ажиллагаа иргэд, олон нийтэд нээлттэй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Тэгвэл шүүхэд өөрт нь ямар ач холбогдолтой вэ?

 

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахимжихын хэрээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, мөн шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагад эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Ач холбогдол бүхий олон сайн зүйлүүд биднийг хүлээж байна. Наад зах нь шүүхийн захиргааны үйл ажиллагааны статистик мэдээ гаргах асуудал ирээдүйд цогцоороо шийдвэрлэгдэнэ. Технологи хөгжиж байгаа өнөө үед шүүхүүд маань статистик мэдээ гаргахдаа хүн хүч, цаг заваа ихээр зарцуулж, зарим тохиолдолд статистикийн мэдээ зөрүүтэй гарах байдал төдийлөн арилаагүй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн цахим болон бусад хэлбэрийн мэдээллийн санг бүрдүүлэхээр заасан. Энэ хүрээнд ШЕЗ-өөс баталсан мэдээллийн технологийн бодлогын баримт бичгийн Дэд зорилтод цахим мэдээллийн санг хөгжүүлэх, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр мөн заасан. “Astvision” ХХК-ийн хийж байгаа ТЭЗҮ-д өгөгдөл боловсруулах дэд бүтэц, өгөгдлийн чанарын удирдлага, өгөгдлийн сангийн архитектур зэргийг тусгаад явж байгаа.  

       Дээр дурдсанчлан иргэд шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах, цахим хавтаст хэрэг үүссэнээр маш их хэмжээний дата буюу өгөгдөл бий болно. Иймд шүүхийн их өгөгдлийн сан буюу Big data-г үүсгэх нь чухал байна. Их өгөгдөл бол компьютерын шинжлэх ухаан, статистик хоёртой салшгүй холбоотой бөгөөд мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбож, богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулах, нарийвчлан задлах зэргээр маш хурдтай, цаг хугацааны алдагдалгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглах, иргэд олон нийтэд мэдээлэх, оновчтой бодлого шийдвэр гаргахад зориулагдсан технологийн \hadoop зэрэг\ шийдэл юм.

       Өөрөөр хэлбэл, өгөгдлийг мэдээлэл болгож хувирган ашиглах техникийн боломж гэсэн үг. Шүүхийн их өгөгдлийн санг үүсгэвэл тэр нь шүүхийн цахимжилтын уураг тархи болох юм. Одоо бид өөрсдийн ашиглаж байгаа 20 гаруй систем дээр бүртгэгдсэн өгөгдөл, мэдээллийг дата төвд болон компьютерын серверийн орчинд хадгалж байна. Зарим тохиолдолд зөөврийн хард дээр ч хадгалж байгаа. Үүнийг л боловсронгуй болгож, одоогийн байгаа нэг том компьютер, сервер, зөөврийн хард ашиглахын оронд олон компьютерыг кластер болгож, асар том мэдээллийн багцыг зэрэгцүүлэн шинжлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.

       Яг одоо бидэнд дээрх байдлаар хадгалагдсан өгөгдөл, мэдээллүүд бол үнэн чанартаа ямар нэгэн зорилгод зориулж төлөвлөгдөөгүй, бүтэцлэгдээгүй. Орчин үед өгөгдлийг баялаг гэж үздэг болсон. Өгөгдөл бол шинэ алт. Мэдээллийг анхнаас нь цуглуулахдаа ямар ангилал, код, ямар давтамжтайгаар, ямар нууцлалтайгаар, ямар зорилгоор, ирээдүйд хэрэг болох ямар асуултын дагуу анхнаас нь үнэн зөв, төрөлжүүлэн цуглуулах вэ гэдгийг маш нарийн төлөвлөн, тооцоолох хэрэгтэй. Энэ нь шүүхийн ирээдүйн хөгжилд ихээхэн тус нэмэр болохоос гадна өгөгдөл нь цаашдаа хиймэл оюун ухаанд хөрвөж ажиллах эхлэл тавигдана гэсэн үг. Шүүхийн статистик мэдээ маш хурдан хугацаанд, зардал чирэгдэл, хүнд сурталгүйгээр үнэн зөв гардаг болно. Ер нь тэр их хуримтлагдсан мэдээллүүд нь үнэн зөв байхаас гадна эргээд өгөөжөө өгдөг, үнэ цэнтэй байх ёстой. Энэ утгаараа их өгөгдөл нь шүүхийн захиргааны үйл ажиллагааны аливаа шийдвэр, шүүхээс гарах шийдвэрийн чанар, үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэх учиртай. Эдийн засаг талаас нь аваад үзсэн ч дэлхий тэр чигээрээ өгөгдөл дээр суурилсан эдийн засаг руу шилжиж байна.

 

       Шүүхэд маш их дата хуримтлагдах талаар та дурдлаа. Эдгээр мэдээллүүд дотор төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлууд ихээр цугларах нь тодорхой. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

 

       Хэдхэн жилийн өмнө манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индекс болон дижитал өрсөлдөх чадварын индексээр нэлээд хойгуур байрт орж байсан. Хэдий тийм ч цахим багц хуулиудын хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хууль гарснаар манай улс тодорхой хэмжээнд байр ахисан.

       Кибер аюулгүй байдлын тухай хуулиар мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн. Түүнчлэн цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтууд байгаа. Эрх бүхий байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийхээр болсон.    Энэ хүрээнд шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой.

       Нөгөө талаар, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэт технологиуд ар араасаа гарч байгаа. Төр, засгийн зүгээс ч онцгойлон анхаарч стратегийн болон тактикийн түвшинд, мөн үйл ажиллагааны түвшинд ямар байгууллагууд хэрхэн ажиллах талаарх дүрэм, журам, тогтоол шийдвэрүүдийг гаргасан. Мөн түүнчлэн байгууллагын зүгээс, ажилтан, албан хаагчийн зүгээс кибер орчин, кибер орон зайд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг бол кибер аюулгүй байдлыг хангахад, эрсдэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой.

 

       Та түрүүнд бэрхшээлийн талаар дурдсан. Мэдээж шинэ зүйлийг хийхэд бэрхшээлүүд тулгардаг. Дижитал шилжилтийн сорилт бэрхшээл нь юу байна?

 

       Мэдээж олон зүйлүүд байгаа. Төсөв хөрөнгө, хүний нөөц, программ хангамж, хууль эрх зүйн орчин гэх мэт. Гэхдээ хамгийн том сорилт бол сэтгэлгээний өөрчлөлт юм. Нэг талдаа энэхүү дижитал шилжилт нь технологийн сорилт гэхээсээ илүү сэтгэлгээний сорилт болж байгаа. Шүүхийн цахимжилтын ажлыг ахиулахын тулд сэтгэлгээний олон сорилттой тулгарч байна. Цахимжилтыг ойлгохгүй, ойлгосон ч дэмжихийг хүсэхгүй, үл тоох эсхүл маш хүнд хэцүүгээр, хэзээ ч бүтэшгүй мэтээр хүлээн авдаг тохиолдол байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн бидэнд тулгарч байгаа асуудал биш, дэлхий нийтэд тулгарч буй дижитал шилжилтийн том сорилтын нэг учраас үүнд ач холбогдол өгөхийг хүсэхгүй байна. Яагаад гэхээр бид энэхүү дижитал шилжилтээс хоцорч үлдэх арга байхгүй, хүссэн ч, эс хүссэн ч өдөр тутамд нүүр тулаад байна. Тэгэхээр шүүхийн цахимжилтыг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхэд шүүх, шүүгчид, шүүхийн захиргааны байгууллагын үүрэг оролцоо ихээхэн чухал юм. Манай шүүхийн байгууллагын онцлог юу билээ, бид ирээдүйд юуг хийх гэж байгаа, одоо байгаа түвшнийг ямар түвшинд хүргэх гэж байгаа зэргийг шүүгч бид л тодорхойлж технологийн компанийн мэргэжилтнүүдэд ойлгуулах учиртай. Яагаад гэвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үе шатуудыг шүүгчдээс илүү мэдэж программ хангамж, системийг хийх боломжгүй. Энгийнээр хэлбэл, тогооч нарт зориулж олон төрлийн талх хийдэг машин бүтээхдээ тогооч нарыг оролцуулахгүйгээр, тэдний санал, зөвлөмжийг авахгүйгээр хийх боломжгүй. Яг л үүн шиг шүүхийн цахимжилтад шүүгч нар бид л идэвхтэй оролцож байж, сайн үр дүнд хүргэнэ. Бидний оролцоогүйгээр шүүхийн цахимжилт урагшлах боломжгүй. Энэ утгаараа шүүгч нарын сэтгэл, зүтгэл, манлайлал нэн шаардлагатай. Эцсийн үр дүнд шүүхийн цахимжилт амжилттай хэрэгжсэнээр хүнд суртал, авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ. Дижитал шилжилтийн цаана хүний оролцоог багасгах, хүнд суртлыг арилгах олон хөшүүрэг байгаа. Технологид ямар нэгэн хамаатан садан, танил тал гэж байхгүй, технологид ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Иймд цахимжилтаас шүүхийн шинэчлэлд бодитой үр дүн гарч, шүүх маань иргэдэд улам илүү нээлттэй, ил тод болж, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх нь дамжиггүй юм.

 

       Ярилцсанд баярлалаа.

 

Г.Буянхишиг