Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хүрээнд хүний эрх, дижитал шилжилтийн асуудлаар хэлэлцүүлгийг (2025.05.06) өдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзоригийн удирдсан хуулийн төслийн ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн төсөлд тусгах хүний эрхийн баталгаа, шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэл зэрэг сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, холбогдох байгууллагууд санал солилцож, дараах асуудлуудыг хөндөн ярилцлаа.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеийн хүний эрхийн зөрчилд хийсэн судалгааны үр дүнг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх 2.0” системийн танилцуулгын хүрээнд Шүүхийн үйлчилгээнд мэдээллийн технологийг үр ашигтай ашиглаж, шүүхийн удирдлагын шинэ хэлбэрийг бий болгоход чиглэсэн энэхүү платформын хөгжүүлэлтийн явц, зорилго, техникийн шийдлүүдийг танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий Газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ дахь намын бүлгүүдийн төлөөлөл оролцож, хүний эрхийн баталгааг сайжруулах, шүүхийн үйлчилгээнд дижитал технологи нэвтрүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг үр дүнтэй хангах, шүүхийн мэдээллийн дэвшилтэт системийг хэрэгжүүлэх бодлого боловсруулахад чухал алхам болж байна.
ЦАХИМЖУУЛАЛТЫН ТӨВ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ