Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны дагнасан шүүхийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулна. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл”" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой" гэдгийг онцлов.
Хурлын I дэх хэсэгт Нагояагийн их сургуулийн профессор, Хууль зүйн доктор Харада Аяако “Япон улсын Гэр бүлийн шүүхээс гэр бүл салалт, асран хамгааллын маргааныг хянан шийдвэрлэх нь”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа “Монгол Улсын гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын онцлог, шүүхийн практик”, БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картал “БНТУ-ын Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн асрамж ба хүүхдийн эрхийн тухай”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн “Монгол Улс дахь хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар “Хүүхэд үрчлэлтийн талаарх зарим зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын II дахь хэсэгт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Монгол Улс дахь өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотын анхан шатны шүүхийн шүүгч Маттю Ж. Виола “Гэр бүл, хүүхдийн хэргийн нэгдсэн шүүх: Хавай мужийн хэтийн төлөв”", ХБНГУ-ын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын прокурор, орлогч дарга Стефан Сшал “ХБНГУ дахь насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР