Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас гавъяаны амралтаа эдлэх насны дээд хязгаарт хүрч чөлөөлөгдсөн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнийн “Хүндэтгэлийн шүүх хуралдаан” боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны, үйлчилгээний ажилтнууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, аймгийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор Н.Амарсанаа, нийт прокурорууд, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбаяр, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн өмгөөлөгчид, ахмад шүүгч, Монгол Улсын гавъяат хуульч Л. Цэдэндамба, Б.Болор-Эрдэнэ шүүгчийн гэр бүл оролцож хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн хуралдааныг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Болор-Эрдэнэ нээж, түүнд шүүгчийн өмсгөл, алхыг нь дурсгал болгон хадгалуулав. Б.Болор-Эрдэнэ шүүгч нь төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад 36 жил ажилласан. Туслах шүүгчээс эхлэн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тасралтгүй 26 жил ажилласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арвин туршлагатай, үлгэр дуурайлалтай ажиллаж ирсэн эрхэм шүүгч юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон зочдоос гадна Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн хамт олон, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нар цахимаар баяр хүргэлээ.





Баянхонгор аймгийн Эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх