Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар өнөөдөр (2026.02.03) Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Д.Болормаа тэргүүтэй албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр уулзалтын эхэнд шүүхийн цахимжилтын үйл явц, бусад байгууллагатай мэдээлэл солилцооны чиглэлээр хийж буй ажлуудын талаар танилцуулга мэдээлэл өгөв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Д.Болормаа бүртгэлийн лавлагаа мэдээллийн ачааллыг бууруулж, хялбар болгох, бүртгэлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд цахимаар шуурхай хүргэх зорилготой мэдээллийн сангийн шинэчлэл хийж байгаа бөгөөд цаашид шүүгчийн захирамж, албан бичгийн хүрээнд гаргаж буй нотлох баримтын бүрдлийг цаасаар бус цахимаар солилцож дамжуулдаг болох асуудлаар саналаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд байгууллага хоорондын мэдээлэл солилцооны цахим интеграцийг хэрхэн хийх талаар санал солилцов. Тухайлбал: шүүгч захирамжаа цахимаар илгээх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох мэдээлэл болон нотлох баримтыг цахимаар авах, мэдээлэл солилцооны хүрээнд хандах эрхийн нууцлал, тоон гарын үсгийн баталгаажуулалт, мэдээллийн ангилал, хязгаар, онцгой ажиллагааны журмаар шийдэгдэх хэргүүдийн мэдээллийг хэрхэн солилцох зэрэг асуудлын шийдлийг ярилцаж, системийн тохиргоо болон мэдээлэл солилцооны талаар дахин уулзалт хийж, нарийвчлан ярилцахаар тогтов.
Уулзалтад шүүхийн цахим системийг хөгжүүлэгч “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр, төслийн менежер Г.Нямбаяр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын Улсын ахлах бүртгэгч Э.Отгонтунгалаг, хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Г.Дашхорол, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Э.Анхмандах, программист Э.Мөнхжин нар оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ