Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн хүрээнд богино хугацааны зөвлөх, доктор Мартин Мюллер-Фоллерт, Ян Маркус Вебер нар 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллалаа.

 

Айлчлалын хүрээнд Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байр, дотоод үйл ажиллагаа, шүүхийн цахимжилтын туршин нэвтрүүлэлтийн явцтай газар дээр нь танилцаж, цөм системийн хэрэглээ, хөгжүүлэлт, практикт тулгарч буй асуудлын талаар ярилцав.

 

Түүнчлэн мэдээллийн технологийн шинэ шийдлүүд, цахим шүүх хуралдаантай холбоотой техникийн бүрэн бүтэн байдал болон эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудал, сорилт, цаашдын хөгжлийн боломжийн талаар санал солилцлоо.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Намунаа, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор, шүүхийн Тамгын газрын дарга Баяржаргал болон холбогдох албан хаагчид, Твиннинг төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, төслийн Суурин зөвлөхийн туслах Ц.Батжаргал, С.Одончимэг болон бусад төлөөлөгчид оролцов.

 

 

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР