Шүүхийн цахимжилтын бодлогын дагуу хэрэгжүүлж буй "Цахим шүүх 2.0" цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд блокчэйн технологийг шүүхийн үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлж эхэллээ.

Шүүхийн байгууллага цахим шилжилтийн хүрээнд 2026 оны тавдугаар сараас эхлэн нэгдсэн загвар бүхий шинэ цахим хуудсыг нээж, жигдрүүлэх үе шатууд үргэлжилж байна. Мөн шүүхийн шийдвэр дэх хэргийн оролцогчийг тодорхойлох боломжгүй болгон нууцлах ажлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэж эхлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын 88 шүүхийн 40 Тамгын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд ирүүлж буй албан бичгийг “Бүртгэлийн хамгаалалттай технологи” буюу блокчэйн технологид суурилан баталгаажуулж эхлэв.

 

Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын 6.2.2-т туссан шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, блокчэйн технологийн шийдлийг нэвтрүүлэх зорилтыг бодит ажил болгож байгаагаараа онцлог юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар уг шийдлийг үндэсний "Жамуха" блокчэйн сүлжээнд хөгжүүлсэн бөгөөд нээлттэй (public) орчинд файлын хаш болон CID мэдээллийг блокчэйнээр баталгаажуулах, шалгах үйлдлийг хэрэгжүүлж, харин файлын хадгалалт, сэргээх ажиллагааг IPFS (InterPlanetary File System) технологид суурилсан хаалттай (private) орчинд гүйцэтгэх архитектурыг ашигласан байна.

Ингэснээр шүүхэд ирүүлж буй цахим баримт бичгийн бүрэн бүтэн байдал, өөрчлөгдөөгүй эсэхийг найдвартай баталгаажуулах, баримтын эх сурвалжийг шалгах, урт хугацаанд хадгалах боломж бүрдлээ.

 

 

Шүүхийн байгууллага блокчэйн технологийн хэрэглээг зөвхөн захиргааны үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр цаашид шүүгчийн сонгон шалгаруулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, цахим нотлох баримтын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, өөрчлөгдөөгүй эсэхийг баталгаажуулах, нотлох баримтын хадгалалт, нууцлал, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн илүү найдвартай хангах технологийн үндэс суурийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ