IMG-LOGO
 2014-06-06

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

\"\"

Л.Өлзийжаргал

/Хуульч, судлаач/

 

        Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр хууль зөрчсөн гэж үзэнгаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготойгоор дагнан байгуулагдсанзахиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жилийн ойн дээрээ ирлээ.

Өнгөрсөн хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандах иргэд, хуулийн этгээдийн тоо жил бүр ихэсч байгаатай шууд хамааралтайгаар захиргааны шүүхэд шийдвэрлэсэн хэргийн тоо ч мөн өссөн үзүүлэлттэй, цаашид өсөх хандлагатай байна. Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн эцсийн үр дүн болсон \"захиргааны хэргийн шүүхийн шийдвэр”-ийн хэрэгжилтэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бийболсон байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх[1]/хуучин нэрээр/ болоншийдвэр гүйцэтгэх байгууллагын практик, эрх зүйн орчинд судалгаа хийсний үндсэн дээр шүүхийн шийдвэр, түүний биелэлт, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандсан байдал, шийдвэр биелэхгүй байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг гарган тавьж, цаашид боловсронгуй болгох саналыг та бүхэнд танилцуулж байна.

 

Нэг. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийн талаар:           

2004.6.4-2014.5.25-ны байдлаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нийт 3782 хэрэг шийдвэрлэсэнээс 2062 хэрэг буюу 55 хувьд нь нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн байна.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан 2062 шүүхийн шийдвэрийг удирдлага болгосон заалтаар нь авч үзвэл:

1. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон – 1245 шийдвэр ЗХХШТХ-ийн 70.2.1

2. Захиргааны байгууллага, албан тушаалтан - иргэн, хуулийн этгээдийн хооронд эрх зүйн харилцаа байгаа гэж үзсэн - 6 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.2

3. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн – 67 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.3

4. Захиргааны байгууллага, албан тушаалтныг захиргааны шийдвэр гаргахыг даалгасан – 268 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.4

5.   Актын төлбөрийн хэмжээг багасгасан – 120 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.5

6. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэнд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилсөн, хассан– 5 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.6

7. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлсэн – 114 шийдвэр, ЗХХШТХ-ийн 70.2.7

8. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эвлэрсэн – 237 шийдвэрийг тус тус эзэлж байна. ЗХХШТХ-ийн 42, 43

Шүүхээс хүчингүй болгосон захиргааны шийдвэртэй маргаанаас хамгийн их нь газрын маргаан 423, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх маргаан 288, татварын маргаан 279, төрийн албан хаагчийг ажлаас халсан маргаан237, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 182 байна.

           

Эдгээртоон үзүүлэлтээс харахад Нийслэл болон дүүргийн Засаг дарга төрийн албан тушаалтныг томилж чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох дүүргийн тамгын даргаас эхлээд сайд хүртэлх албан тушаалтнууд, ашигт малтмалын газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байцаагчнараас гарсан 1409шийдвэр хууль бусаар гарсан байна. Энэ нь шүүхээр шийдвэрлэгдэж хууль бус гэж үзэн хүчингүй болгосон шийдвэрийн 72 хувийг эзэлж байгаа юм.

 

Хоёр: Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар:

Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй, иргэнийг хохироосон үйлдэл үргэлжлэх тохиолдолд ИХШХШТХ-ийн 185-д зааснаар иргэн шүүхэд хандан \"албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас олгуулах”-аар хүсэлт гаргах эрхтэй байдаг. Үүний үндсэн дээр иргэд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасаны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2004 онд 1 шийдвэрийг, 2005 онд 18 шийдвэрийг, 2006 онд 15 шийдвэрийг, 2007 онд шийдвэрийг 36, 2008 онд 46 шийдвэрийг, 2009 онд 36 шийдвэрийг, 2010 онд 65 шийдвэрийг, 2011 онд 72шийдвэрийг, 2012 онд 68 шийдвэрийг, 2013 онд 60шийдвэрийг, 2014.5.25-ны байдлаар 23 шийдвэр, нийт 440 шийдвэрийг өнгөрсөн хугацаанд албадан биелүүлүүлэхээр захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

Эдгээрээс 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийнбайдлаар 34 иргэн, 32 хуулийн этгээдээс хандсан 62 шүүхийн шийдвэр биелэгдээгүй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хйигдэж байгаа шийдвэрийгмаргааны төрлөөр ньавч үзвэл:

  • Газрын асуудлаар эрх бүхий албан тушаалтан захирамж, тушаал гаргахгүй, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа -23маргаан
  • Ашигт малтмалын лицензийг олгохгүй, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй, хугацааг сунгахгүй байгаа- 20 маргаан
  • Төрийн албан хаагчийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргахгүй байгаа- 10 маргаан
  • Бусад маргаан 9 байна. Бусад маргаан гэдэгт оюуны өмчийн улсын байцаагчийн акттай холбоотой маргаан, Нийслэлийн Засаг даргаас орон сууц, түрээсийн байрны хувьчлалын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа маргаан, хувьцаа, нийгмийн даатгал, нөхөн төлбөр, улсын бүртгэлтэй холбоотой маргаанууд хамаарч байна.

Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиргааны актыг хүчингүй болгосон, захиргааны байгууллагаас зохих акт гаргахыг даалгасан, актын биелэлтийг түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргахыг даалгасан шийдвэрээс гадна захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээг авахуулахаар хандсан байна.

Шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтныг авч үзвэл:

  • Нийслэлийн Засаг дарга -22шийдвэр,
  • Ашигт малтмалын газар, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга- 20 шийдвэр
  • Дүүргийн Засаг дарга нар- 6 шийдвэр
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар- 4 шийдвэр
  • Төрийн нарийн бичгийн дарга-2 шийдвэр
  • МХЕГ, НМХГ-3 шийдвэр
  • Яам-1 шийдвэр
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл -1 шийдвэр
  • Зэвсэгт хүчний жанжин штаб-1 шийдвэр
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга-1 шийдвэр
  • Татварын ерөнхий газрын дарга-1 шийдвэр
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга-1 шийдвэр
  • Оюуны өмчийн газар-1 шийдвэр
  • Санхүүгийн зохицуулах хороо-1 шийдвэр
  • Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс -1 шийдвэрийг тус тус биелүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүх, цагдаагийн байгууллага, прокурор, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчид хүртэл хандаж захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр олон арван албан бичгийг /мэдэгдэл/ явуулж ажиллаж байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа захиргааны албан тушаалтанд арга хэмжээ авахуулахаар дүүргийн шүүхэд хандахад \"зөрчил гаргасан хүнээ авчир” гэдэг шаардлагыг тавьдагаас шийдвэр гүйцэтгэгч нар захиргааны арга хэмжээ авахуулж чаддаггүй байна.

Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хэд хэдэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага ногдуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Үүний шалтгаан нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх явцад шүүхийн шийдвэрийг биелүүлдэг, биелүүлсэн гэж өөрсдөө үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаажээ.

Шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа шалтгаан, түүнчлэн шийдвэрийг биелүүлэх явцад учирч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцаж, шийдвэр гүйцэтгэлийн материалтай нэгбүрчлэн танилцаж, тодруулахаддараах хүндрэл бэрхшээл гардаг байна. Үүнд:

1. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг тоодоггүй, үл хэрэгсдэг. Захиргааны байгууллагын албан тушаалтнаас дарамт шахалт ирдэг.[2]

2. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцооноос шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр биелүүлэгч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат байдаг учир шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар шаардлага тавьсан ч биелүүлдэггүй. НШГА нь Хууль зүй дотоод, хэргийн сайдын харьяа агентлагийн[3] алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг[4] байдаг учир дээд шатны байгууллагын албан тушаалтныг шийдвэр биелүүл гэж шаардахад хүндрэлтэй.

3. Захиргааны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрхэн явуулах талаар шийдвэр гүйцэтгэгч нар нэгдсэн ойлголтгүй, иргэний шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дутуу хийсэн гэж шийдвэр гүйцэтгэгчийгбуруутгадаг.[5] Мөн захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны шүүхийн шийдвэрийг буруу ойлгож, хэрэгжүүлдэг.[6]

4. УИХ-аас \"Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хууль”-иар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй, бусдад шилжүүлэхийг хориглосон байна. Энэ үндэслэлээр ашигт малтмалтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхгүй байна. [7]

5. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэрэгжих боломжгүй байдлаар гардаг.[8]

6. Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлдэг, биелүүлэхийг хүсдэггүй. Тухайлбал төрийн албан хаагчийг ажилд эгүүлэн томилсон шийдвэр гаргасаны дараа албан тушаалыг бууруулсан тушаал гаргадаг.[9]Тухайн албан тушаалд өөр хүнийг томилсон бөгөөд орон тоо байхгүй гэдэг.

7. Захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа захиргааны эрх зүйгээр мэргэшсэн хуульчдаас зөвлөгөө авалгүй шийдвэр гаргасанаар шийдвэр нь биелэгдэх боломжгүй болдог байна.[10]

8. Захиргааны байгууллага, албан тушаалтныг шүүхэд төлөөлж оролцсон мэргэжилтэн, эсвэл нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа гэсэн шалтгаанаар шүүхийн шийдвэр биелүүлдэггүй.[11]

Зарим иргэд 2005 онд гарсан захиргааны шүүхийн шийдвэрийг 2013 онд албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа бол 2007 онд ирсэн шийдвэр гүйцэтгэх хуудас өнөөдрийг хүртэл гүйцэт биелэгдээгүй тохиолдол байна.

Харин иргэнд учруулсан мөнгөн хохирлыг тухайлбал ажилгүй байсан хугацааны цалинг Хууль зүйн сайдын төсвийн багцаас төрийн байгууллага, албан тушаалтны учруулсан хохирол гэж үзэн төлбөр авагч нарт олгож байгаа нь иргэдэд чирэгдэл үүсэхгүйгээр энэ төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх болжээ.

Урьд нь төрийн албан хаагчийг халсан албан тушаалтан нь ажилгүй байсан хугацааны цалин олгох зөвшөөрлийг Төрийн санд олгодог байснаас дээрх төрлийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгжилт хангалтгүй байдаг байлаа.[12]

Гэхдээ захиргааны байгууллагын албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу төрийн албан хаагчийг ажилд нь томилохгүй байгаагаас ажилгүй байсан хугацааны цалинд их хэмжээний төлбөрийг өгдөг байна. Тухайлбал нэгэн төрийн албан хаагч 2010 оны 10-р сараас хойш ажилгүй байсан хугацааны цалинд 17 сая төгрөгийг төрөөс гаргуулсан бөгөөд одоо үлдсэн 22 сая төгрөгийг төсвөөс гаргуулахаар иргэний шүүхийн шийдвэр гарчээ[13]. Өөрөөр хэлбэл нэг албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж, төрөөс 39 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээд байна. Иймд цаашид Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төр өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай албан тушаалтнаас гаргуулан авах хуулийн заалтыг хэрэгжүүлэх цаг болжээ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшууллыг иргэнээс гаргуулж хохироолгүй, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтан, байгууллагаас гаргуулж байвал зүйтэй юм.

 

Гурав. Захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх зүйн зохицуулалт

3.1. Үндсэн хуулийн хүрээнд

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8-р зүйлд \"... эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж заажээ.  

Мөн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй[14] байхаар хуульчилсан байна. Түүнчлэн \"хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна”[15] гэж заасан нь Төрийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан байна.

Иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргах эрх[16] нь Үндсэн хуулиар мөн олгогджээ.

3.2 Монгол улсын шүүхийн тухай хуулийн хүрээнд

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д \"Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 32.2-т \"Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 32.3-т \"Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 32.4-т \"Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэсэн заалтыг тусгаж өгчээ.

3.3 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд

Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.10-т заасан \"шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих” бүрэн эрхийг шүүгчид 2012 оны хуулиар шинээр олгосон бөгөөд одоогоор уг хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байна.

3.4 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ”Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ”, 5.3. \"Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ”, 78 дугаар зүйлийн 78.1-д \"хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж зааж, шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрхэн биелүүлэх арга, журмыг \"хуулиар шууд биш”, хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх \"шийдвэртээ” тодорхойлж болохоор[17] тусгасан байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188-р зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлэхээр хуульд заажээ.

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д \"Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр....ийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна.”, 185 дугаар зүйлд төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж шүүгч үзсэн тохиолдолд гүйцэтгэх хуудас бичиж, шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр заажээ. 186 дугаар зүйлд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд хүргүүлэх нөхцөлийг, 187 дугаар зүйлд гүйцэтгэх хуудаст тусгагдсан байвал зохих зүйлүүдийг тус тус зааж өгчээ.

3.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиийн 4 дүгээр зүйлийн 4.1-д \"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж зааснаас үзвэл захиргааны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа иргэний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай нэгэн адил зарчмаар явагдахаар зааж өгсөнөөс өөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй байна.

 

Дөрөв. Захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тусгасан эрх зүйн зохицуулалт

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т \"Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын албан тушаалтанд:

  • Захиргааны хариуцлагын тухай хууль
  • Эрүүгийн хуульд заасан арга хэмжээг авах хуулийн механизм байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй захиргааны байгууллага, албан тушаалтанд ногдуулах албадлагын арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 304 дугаар зүйлийн 3-т \"Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн…бол 5000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

Харин Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д \"Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд энэ зүйлд заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн тайлбартай байх юм.

 

Тав. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын механизмыг бусад хуульд тусгасан байдал

Хууль бус шийдвэр гаргаж, иргэн, хуулийн этгээдийг хохироосон албан тушаалтанд түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх бүхий өөр бусад байгууллагын албан тушаалтан арга хэмжээ авахаар зарим салбар хуулиудад зааж өгсөн байдаг байна. Үүнд: