Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” 9 дэх удаагийн сургалт өнөөдөр /2021.11.25/  Нийслэл дэх Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн жишиг танхимд эхэллээ. Энэ удаагийн сургалтад өдөр тутмын сонины 4, мэдээллийн портал сайтын 35, телевизийн 15 нийт 54 сэтгүүлч хамрагдах юм.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн талаарх үнэн зөв ойлголтыг олон нийтэд түгээхэд сэтгүүлчдийн оролцоо чухал болохыг онцлоод сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

 

       Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч сургалтад өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 350 гаруй сэтгүүлч хамрагдаад байна. Жил бүрийн сургалтын сэдэв, агуулга өөр байдаг. Энэ жилийн хувьд Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Тамгын газрын дарга С.Билгүүн, “Хөдөлмөрийн тухай хууль” онцлох өөрчлөлтүүд, Хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдүүлэх професс ажиллагаа сэдвээр Удирдлагын академийн багш доктор профессор Б.Уранцэцэг хичээл зааж байна.

       Түүнчлэн Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх /хаалттай шүүх хуралдааны онцлог кейс/ сэдвээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх дэх процесс ажиллагаа /кейс/ сэдвээр Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх дэх процесс ажиллагаа /кейс/ сэдвээр Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар тус тус хичээл заана. 

.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс