Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэчлэл, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаарх олон нийтэд хүрэх мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн оролцоог дэмжих зорилгоор Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” 12 дахь удаагийн сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан “Эрх зүйн шинэ орчин ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдвээр зохион байгуулж, гэр бүл, хүүхдийн эрх зүйн чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгсөн юм.
Сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хүрээнд хамтран зохион байгуулав.

Сургалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал хэлсэн үгэндээ шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа нь иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл хүргэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, шүүн таслах ажиллагааны мэдээллийг баталгаатай эх сурвалжаас шуурхай хүргэх зорилгоор Улсын дээд шүүхтэй хамтран сэтгүүлчдэд зориулсан “Caseline” цахим системийг нэвтрүүлж тухайн цахим талбарт мэргэжлийн талаас ойлгомжтой мэдээлэл өгөх “Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч” (Press Judge) ажиллуулах талаар тодотгон хэллээ.

Сургалтын үеэр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Өнөөдөр олж авсан мэдлэг, туршлагаа та бүхэн ажил хэрэг болгон хэрэгжүүлж, Монгол Улсын шүүхийн тогтолцооны хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь бидний хамтын мэдлэг, хүчин чармайлт гэр бүл, хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалж, тэдний ирээдүйд эерэг өөрчлөлт авчрах юм” гэв.
Монгол Улсад 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу, шүүгч Л.Энхбилэг, Т.Болормаа нар шинээр байгуулагдах шүүхийн онцлог, холбогдох хууль тогтоомж болон эрх зүйн шинэ орчны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Мөн гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааны талаар мэдээлэл бэлтгэхдээ хүүхдийн эрх, хувийн нууц, нэр төр, эмзэг байдлыг хамгаалах, мэдээллийг хариуцлагатай, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн хүргэхэд анхаарах асуудлыг шүүгч Л.Галбадар, Н.Одонтуул нар танилцуулсан юм.
Энэхүү сургалтын зорилго нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны талаар мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, нэр төр, хувийн нууцыг хамгаалсан хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оршино.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал 2024–2026” төслийн хүрээнд “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдэвт дөрвөн удаагийн уулзалтыг өмнө нь зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн тав дахь удаагийн арга хэмжээ болж байна.




Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргаа, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг дэмжих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллахад анхаарч байна. Энэ нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа юм.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ