IMG-LOGO
 2021-08-18

МЭДЭГДЭЛ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэгт Төв аймгийн шүүх торгох ял оноосон” гэх ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл (Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох)-ийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн Р-т холбогдох эрүүгийн  2134000000186 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

 

Р-д холбогдох хэргийн гэм буруугийн хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр товлон зарлаж, хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг “арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд заасан торгох ял оногдуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хянан шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь“... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчлагдсан.

 

 Р-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж зааснаар хувь хүний нууцад хамаарагдах хэрэг тул хэргийн үйл баримтыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй бөгөөд хуульд зөвшөөрөгдсөн хэмжээнд нийтэд мэдээлсэн болно.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт нэг талыг барьсан хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал ташаа мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг хүсье!

  

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар