- Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоод ямар сэтгэгдэл төрөв? 

- Намайг Пэрлэйбаатарын Нэндарам гэдэг. Хархорин сум дахь Сум дундын шүүхээс над руу утасдаж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон талаар дуулгахад нэлээд сандарсан. Гэхдээ шүүхээс хуульд заасан үүрэг тул оролцоно уу гэсэн тул хуульд заасан үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзээд оролцсон.

 

- Шүүх хуралдаанд оролцоход таньд ямар санагдав. Шүүхийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?

- Би өмнө шүүхээр үйлчлүүлж байсан боловч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан удаагүй. Гэхдээ тухайн нөхцөлөөс харахад шүүхийн орчин нөхцөл сайжирсан санагдсан. Тухайн үедээ холбогдох албан тушаалтан нь шүүх хуралдаанд орохдоо юу анхаарах болон бусад асуудлын талаар тайлбарлаж өгсөн учраас харьцангуй сандарч тэвдэх нь гайгүй болсон.

 

- Танд дүгнэлтээ гаргахад хүндрэл бэрхшээл тулгарсан уу? 

- Миний иргэдийн төлөөлөгчөөр оролцсон шүүх хурал хүнийг алах гэмт хэрэг байсан нь хүнд санагдсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж миний хувьд үзээд тухайн хүмүүсийг гэмт хэрэгт буруутай байна гээд прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцсон.

 

- Иргэний үүргээ биелүүлж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон танд их баярлалаа, бусад хүмүүст зөвлөж хэлэх зүйл байна уу?

- Миний бие тухайн үедээ сандарч байсан ч Монгол Улсын иргэний хувьд талархалтай хүлээн авч иргэний үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд оролцсондоо их баяртай байгаа. Бусад сонгогдсон иргэдийн төлөөлөгч нартаа шүүхээс дуудсан цагт сандрах зүйлгүйгээр шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, иргэний үүргээ биелүүлээрэй гэж хэлмээр байна.