Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн "НУТГИЙН ЗАХИРГААНЫ ОРДОН"-д зохион байгууллаа.

 

 

     Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Баруун бүс дэх Онцгой байдлын газар, Баруун бүс дэх Гадаадын иргэн харьяатын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 90 орчим албан тушаалтнууд оролцов.

 

    Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа "Зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял шийтгэхэд анхаарах зарим асуудал" сэдвээр, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа "Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

 

 

     Мөн Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2022 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоон мэдээ, мэдээллийн талаар мэдээлэл өгч, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах, түүнд чиглэсэн хамтарсан "Ажлын хэсэг" байгуулах талаар саналаа илэрхийлж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн кримологийн судалгаа хийж, гарын авлага гаргах, холбогдох зардлыг шийдвэрлүүлэх санал гаргаж, дэмжигдлээ.

 

     Зөвлөгөөнөөс хууль хяналтын байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцож ажиллах, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулах, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр анхаарч “Төлөвлөгөө” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар