Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

     Энэхүү ажлын хүрээнд аймгийн нийт шүүх, Шүүхийн Тамгын газар, Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран аймгийнхаа 19 суманд “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.

 

 

      “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” арга хэмжээ өнөөдөр Цэнхэр, Төвшрүүлэх суманд амжилттай эхэллээ.

       Сургалтын үеэр урьдчилан бэлтгэсэн гарын авлага, тараах материал зэргийг сургалтад оролцсон иргэд, төрийн албан хаагчдад тарааж өгөв.

 

   

      Тус сургалтад шүүгч болон шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнууд дараах сэдвээр танилцуулга, мэдээллийг хүргэлээ.

        “Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа (Захиргааны ерөнхий хууль)” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга;

        “Иргэний шүүхэд мэдүүлэх эрх, иргэний хэргийн шүүхээр түгээмэл шийдвэрлэгддэг хэрэг, маргаан анхаарах зүйл” сэдвийн хүрээнд Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Энххүү;

       “Иргэдийн түгээмэл холбогдож буй гэмт хэрэг, зөрчил тэдгээрээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал /Зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн жишээн дээр/”сэдвээр Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Дөлгөөн;

       “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлж буй байдал, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид;

        “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх маргаан, иргэдийн анхаарах асуудал” сэдвээр Архангай аймгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар нар тус тус сургалтыг эрхлэн хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

      Уг сургалт, мэдээллийн өдөрлөг арга хэмжээ чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй болсон талаар сургалтад оролцогчид болон сум орон нутгийн төрийн албан хаагч нар сэтгэгдлээ хэлж, эерэг үнэлгээ өгсөн байв.

 

Цаашид тус арга хэмжээ хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аймгийнхаа бусад сумдаар үргэлжлэх юм.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР