Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын байранд (2025.04.10) “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цахимжилт” сэдэвт уулзалт боллоо.
Уулзалтад Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч С.Агьзул, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа, “Ай Си Ти Групп” ХК-ийн Төслийн менежер Б.Ганбилэг болон холбогдох ажилтнууд оролцов.
Тус уулзалтаар шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх-2.0” цөм системийн төслийг товч танилцуулж, үргэлжлүүлэн “Ай Си Ти Групп” ХК-ийн Төслийн менежер Б.Ганбилэг болон холбогдох ажилтнууд Эвлэрүүлэн зуучлалын цахим модуль, түүний ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл хийсэн.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг нар асуулт, тодруулга хийж, цахимжилтын төв болон гүйцэтгэгч компанийн ажилтнуудад цахим модульд нэмж оруулах саналуудаа өглөө.
Уулзалтын төгсгөлд талууд энэхүү уулзалтыг цаг үеэ олсон, ач холбогдолтой болсныг илэрхийлэн, цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд:
• Холбогдох дүрэм журмыг боловсруулахад хамтран ажиллах,
• Эвлэрүүлэн зуучлагчдад зориулж хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тогтлоо.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ