Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн барилгын гадна фасадын засварын ажлыг “Буяннэмэх Интер” ХХК 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

   Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 давхар конторын зориулалттай барилга нь анх 2009 онд ашиглалтад орсон ба Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын блансаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн блансад шилжүүлснээр Захиргааны хэргийн шүүхүүд нэгдсэн байрны зориулалтаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

   Тус барилга нь ашиглалтад орсноос хойш барилгын гадна фасад болон барилгын бүтцэд их засвар огт хийгдэж байгаагүй бөгөөд барилгын гадна фасад ховхорч зогсоолд байршуулсан автомашин, иргэдийн дээрээс унаж эд хөрөнгийн болон эрүүл мэндэд нь хохирол учруулдаг байсан.

   Барилгын гаднах нийт 3200m2 талбайг 4мм зузаантай удаан эдэлгээтэй, зэврэлтэд тэсвэртэй, дулаан тусгаарлалтын өндөр чанартай хөнгөн цагаан металл хавтан болох орчин үеийн дэвшилтэт материал ашигласнаар барилгын эдэлгээ уртсахын зэрэгцээ барилгын гаднах өнгө төрх сайжирч, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нар болон иргэд олон нийт шүүхийн байраар үйлчлүүлэхэд эрүүл аюулгүй орчин бүрдлээ.

    Барилгын фасадыг улсын комисс 2025 оны 02 дугаар сарын 17-нд хүлээн авлаа.

           

 

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР