Монгол Улсын шүүхийн түүхэнд  орон нутагт олон улсын стандартад нийцсэн шүүхийн байр Архангай аймагт сүндэрлэн босохоор өнөөдрийн билигт сайн өдөр /2025.05.11/ барилгын шав тавих  үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Ёслолын ажиллагаанд

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав

• Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга

• Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг

• Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж

• Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн

• Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа

• Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

• Архангай аймгийн Ерөнхий прокурор Ц.Сүхбат

• Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Хурандаа Д.Цэрэндорж

• Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Дэд хурандаа Н.Жасрай

• Архангай аймгийн Тагнуулын газрын дарга Дэд хурандаа У.Золбаатар

• Архангай аймгийн Цагдаагийн газрын захиргаа удирдлагын тасгийн дарга Хошууч Э.Эрдэнэбат

• Архангай аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар, зөвлөлийн дарга О.Батцэрэн

• Архангай аймаг дахь шүүхийн Ахмадын зөвлөлийн дарга Б.Алтанчимэг

• Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт, Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид, гүйцэтгэгч компанийн ажилтнууд оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж нар нээж үг хэллээ.

       Архангай аймаг дахь шүүхийн барилгын шав тавих арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хэмжээнд нийт 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар өөрийн байргүйн улмаас банкны, цэргийн ангийн, зах худалдааны төвийн болон бусад зориулалтаар баригдсан шүүхийн стандартад нийцэхгүй барилга байгууламжид шүүх эрх мэдлийн байгууллага ажлаа эрхэлж байгааг дурдлаа. Мөн тэрээр “Архангайчууд шүүхийн байртай болохоосоо илүү шударга ёсны ордонтой болж байна” хэмээн тодотгон хэлж, энэхүү барилга нь Монгол Улсын иргэн бүрд шударга шүүхээр эрхээ хамгаалуулах үндсэн эрхийг хангах чухал ахиц дэвшил болно гэдгийг онцлон дурдав.

      Архангай аймгийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн хэлсэн үгэндээ Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн жигүүрт 1992 оноос хойш шүүхийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.  Манай хамт олон өнөөг хүртэл өөрийн гэсэн зориулалтын байргүй байсан ч шүүхийн ажлаа тасралтгүй, чин сэтгэлээсээ, шударга үнэнчээр гүйцэтгэж ирсэн. Энэ бол үнэнч, хариуцлагатай хамт олны бодит илэрхийлэл юм хэмээн  хамт олныхоо сэтгэл, зүтгэлийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр шинээр баригдах шүүхийн байр нь зөвхөн ажиллах орчныг сайжруулаад зогсохгүй, иргэдийн шударга шүүхээр эрхээ хамгаалуулах итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэв.

    Хөтөлбөрийн хүрээнд морин хуур, уртын дууны тоглолт, лам нар ном хурж, шав тавих ёслолыг ламын зааврын дагуу гүйцэтгэн, барилгын төсөл, гүйцэтгэгч компанийн танилцуулга болон ирээдүйн шүүхийн байртай танилцах үйл ажиллагаа зохион байгуулав.

      Шинээр баригдах шүүхийн байр нь 25,2х25,2 метрийн хэмжээтэй зоорьтой 4 давхар 3175 м.кв талбайтай. Барилгын ашигтай талбай 2952 м.кв. 1-р давхрын өндөр 4,2 метр, 2-4 давхрын өндөр 3,9 метр барилгын эзлэхүүн 12229 м.куб. Барилгын гадна хана гантиг чулуун өнгөлгөөтэй 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, 5 шүүх хурлын танхим, 1 эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, шүүхийн тамгын газрын ажилчдын 9 өрөө, 2 сургалтын танхим, 1 уулзалтын танхим, номын сангийн уншлагын танхим, чийрэгжүүлэх танхим, гэрч тусгаарлах өрөө, хүүхдийн өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, эд мөрийн баримт хадгалах өрөө, 10 хүний багтаамжтай түр саатуулах өрөө, архивын өрөө, 8 авто машины зогсоолтой архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй.

    Архангай аймаг дахь шүүхийн барилга байгууламжийг “Эсгэл” ХХК 8.0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барих бөгөөд 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад орно.

 

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР