Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын чиглэлд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх” сургалтыг 2 ээлжээр зохион байгуулж байгаа билээ.

    Сургалтын нэгдүгээр ээлжинд нийслэлийн иргэний хэргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид болон иргэний хэргийн шүүхийн шүүгч, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоодын төлөөлөл хамрагдсан бол хоёрдугаар ээлжийн сургалтад (2025.05.15) орон нутаг дахь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид оролцож байна.  

   Сургалтын нээлтэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд,  Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал нарын албаны төлөөлөл оролцов.

 

 

     Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг хэлсэн үгэндээ Канад Улсын Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх хүрээлэнгийн (ADR Institute of Canada-ADRIC)-ийн сайн туршлагад суурилан тус сургалтын хөтөлбөрийн гарын авлагыг боловсруулж, өнөөдөр та бүхний гарт хүргэж байгаа нь олон улсын эвлэрүүлэн зуучлалын салбар дахь сүүлийн үеийн хөгжил дэвшил, сайн туршлагуудаас суралцах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой гарын авлага гэдгийг онцоллоо.

    Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Чадварлаг эвлэрүүлэн зуучлагчид нь үр нөлөөтэй эвлэрүүлэн зуучлалын зах зээлийг бүрдүүлэгч тулгуур багана бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн харилцаа, нэр хүндээ хадгалан маргаанаа шийдвэрлүүлэх боломжийг олгодог. Энэхүү гарын авлага нь та бүхний эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрэг болохуйц мэдлэг, ур чадварыг олгох ширээний ном болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн тодотгон хэлэв.

 

 

 

 

 

 

   Монголын Хуульчдын Холбоо Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал “Маргаан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол эвлэрүүлэн зуучлал юм” гэв.

 

 

  Нээлтэд оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн Баяндөхөм дахь сургалтын төвийн цэцэрлэгт мод тарьсан бөгөөд сургалт маргааш өндөрлөнө.

 

 

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ