Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

  “Эвлэрүүлэн зуучлал” гэж эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагч гэх гуравдагч этгээдийн дэмжлэгтэйгээр харилцан ярилцаж, тохиролцох замаар шийдвэрлэх шүүхийн бус арга юм.

Эвлэрүүлэн зуучлал миний бизнест хэрхэн тусалж чадах вэ?  

   Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршдог.

   Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлэх нь олон талын ач холбогдолтой төдийгүй өргөдөл гаргагч, уригдагч тал, бусад оролцогч этгээдүүдийн хувьд өөрийн хүсэл, шийдвэрээ чөлөөтэй  илэрхийлэх, илэн далангүй бие биетэйгээ харилцан ярилцах боломжийг олгож, хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр хуульд нийцсэн эвлэрлийн  гэрээ байгуулдгаараа онцлог ажиллагаа юм. Эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой байдаг.

  • Түргэн шуурхай

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болно.

  • Хямд төлбөртэй

Зуучлалд /одоогоор/ шүүхэд төлөх ёстой тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлнө.

  • Хаалттай явагддаг

Шүүх хуулиар тогтоосноос бусад тохиолдолд ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах ёстой бол эвлэрүүлэн зуучлал нь хаалттай явагдах боломжтой ба нууц хадгалагдана.

  • Мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч

Шүүхэд өөрөө шүүгчийг сонгох боломжгүй бол эвлэрүүлэн зуучлалд өөрийн маргааны чиглэлийн асуудалд мэргэшсэн хүнийг эвлэрүүлэн зуучлагчаар томилуулах боломжтой.

  • Уян хатан зохицуулалттай

Эвлэрүүлэн зуучлалд хандахад заавал хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах шаардлагагүй. Тухайн төвөөс боловсруулсан өргөдлийн маягтыг бөглөх харилцан ярилцах, мэйл ашиглах зэргээр янз бүрийн байдлаар хандаж болно.

  • Эв найрамдалтай хамтын шийдэл

Эвлэрүүлэн зуучлалд талууд харилцан ойлголцож, харилцан буулт хийж аль алины санаанд хүрсэн, харилцан ашигтай шийдвэрт хүрдэг тул маргаан дуусахад талуудын хооронд зөрчил байхгүй болно.

  • Талуудын идэвхтэй оролцоо

Эвлэрүүлэн зуучлалд өөрийн байр сууринаас гадна эсрэг талын байр суурийн утга агуулга, шалтгаан зэргийг нь тунгааж, шийдэлд хүрэх алхмуудыг идэвхтэй эрэлхийлж, шаардлагатай үед нь эсрэг талтайгаа хамтрахгүй бол асуудлаа шийдэж чадахгүй тул төгсгөл хүртлээ талууд маргааныг шийдвэрлэх гол үүрэгтэй байдаг.

Эвлэрүүлэн зуучлалаар ямар төрлийн маргааныг шийдвэрлэх вэ?

   Талууд хүсвэл иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж болно. Тухайлбал, иргэний эрх зүйн  маргаан дотор бүх төрлийн зээлийн маргаан, хугацаа хэтэрсэн өр, төлбөр тооцооны маргаан, худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан, тээвэрлэлттэй холбоотой маргаан, хөлсөөр ажиллах, ажил  гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан, даатгалтай холбоотой гэх зэргээр бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн маргаанууд хамаарна.

Эвлэрүүлэн зуучлах процесс хэрхэн явагддаг вэ?

  1. Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оролцогч этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.
  2. Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ. Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.
  3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.
  4. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
  5. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн  гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.

Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл хаана яаж гаргах бэ?

   Талууд эвлэрүүлэн зуучлуулах өргөдлөө, анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид аль эсвэл шинээр байгуулагдах арилжааны эвлэрүүлэн зуучлах төвд гаргана.

Эвлэрүүлэн зуучлалыг хэрхэн ашиглах вэ?

Эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлүүлэхийн тулд доорх загвар заалтыг гэрээндээ тусгасан байх шаардлагатай.

Эвлэрүүлэн зуучлалын загвар заалт:

1.Эвлэрүүлэн зуучлалын ерөнхий заалт

   Талууд маргаанаа шийдвэрлэх бусад механизмд оруулахаасаа өмнө эвлэрүүлэн зуучлахыг шаардаж болно. Гэрээний эвлэрүүлэн зуучлах арга буюу маргаан шийдвэрлэх хэсэгт эвлэрүүлэн зуучлалын тухай заалтыг (эвлэрүүлэн зуучлал нь дор хаяж нэг өдөр үргэлжлэхийг заасан) оруулснаар үүнийг хийж болно. Эвлэрүүлэн зуучлалын тухай заалт нь зуучлалын үйл ажиллагаа явуулах магадлан итгэмжлэгдсэн Эвлэрүүлэн зуучлах төвийн (ADR Centre) дүрэмд дурдсан байж болно. Ийм Эвлэрүүлэн зуучлах төвүүд нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгох, хуваарь гаргах, эвлэрүүлэн зуучлалын өмнөх мэдээлэл солилцох, эвлэрүүлэн зуучлалын хуралд зохих талуудыг оролцуулах зэрэгт туслах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Эвлэрүүлэн зуучлалын ерөнхий заалт дараах агуулгатай байж болно.

  “Энэхүү гэрээ, эсхүл түүнтэй холбоотой маргаан гарсан, эсхүл түүнийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлээгүй бол арбитр, шүүх ажиллагаа эсвэл маргааныг шийдвэрлэх бусад журамд хандахаас өмнө талууд эхлээд 30 хоногийн дотор маргааныг [нэрийг бичнэ] Эвлэрүүлэн зуучлах төвийн дүрэмд заасан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлүүлнэ. Талууд эвлэрүүлэн зуучлагчийн талаар зөвшилцөж чадахгүй бол холбогдох Эвлэрүүлэн зуучлалын төв зуучлагчийг томилно. Эвлэрүүлэн зуучлагч буюу Эвлэрүүлэн зуучлалын төвийн хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу ажиллагаа нь нууц байна”.

2.Эвлэрүүлэн зуучлал-Арбитрын загвар заалт (Med-Arb clause)

  Энэ загвар заалтын дагуу талууд эхлээд маргааныг [төвийн нэрийг бичнэ] эвлэрүүлэн зуучлалын журмын дагуу эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэхийг оролдох бөгөөд хэрэв эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон бол зуучлагч [төвийн нэрийг бичнэ]  арбитрын журмын дагуу маргааныг шийдвэрлэх эрхийг олгож болно. Энэ үйл явцыг заримдаа "Мед-Арб" гэж нэрлэдэг.

  Талуудын зөвшилцөл, эвлэрүүлэн зуучлагчийн зөвшилцлөөс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байсан нэг хүн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үед арбитрчаар ажиллах журмыг зөвлөдөггүй.

Мед-Арб заалтын жишээ дараах байдалтай байна.

  “Энэхүү гэрээ, эсхүл түүнийг зөрчсөнтэй холбоотой маргаан гарсан бөгөөд 30 хоногийн дотор маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэх боломжгүй бол арбитрын шүүхэд хандахаас өмнө талууд хамгийн түрүүнд [Төвийн нэрийг бичнэ] Эвлэрүүлэн зуучлалын төвийн эвлэрүүлэн зуучлалын журмаар маргааныг шийдвэрлүүлнэ. Энэхүү гэрээтэй холбоотой буюу түүнтэй холбоотой аливаа маргаан, эсхүл түүнийг зөрчсөн тухай маргааныг Арбитрын журмын дагуу [Арбитрын нэрийг бичнэ] арбитраар шийдвэрлэнэ. Хэрэв маргаанд оролцогч бүх талууд зөвшөөрвөл талуудын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон эвлэрүүлэн зуучлагчийг арбитрчаар ажиллуулахыг хүсч болно”.

3.Арилжааны эрх зүйн загвар заалт

  Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргааныг (“Маргаан”) дараах журмаар шийдвэрлэнэ.

A. Хэлэлцээ

  Аливаа маргааны талаар бичгээр мэдэгдсэний дараа талууд маргааныг шийдвэрлэх эрх бүхий удирдах албан тушаалтнуудын хооронд хэлэлцээ хийх замаар нэн даруй шийдвэрлэхийг оролдох бөгөөд энэ үйл явцыг 30 хоногийн дотор дуусгах ёстой.

B. Эвлэрүүлэн зуучлал

  Хэрэв маргааныг А-д заасны дагуу хэлэлцээгээр шийдвэрлээгүй бөгөөд маргаан гарах үед талууд өөр хугацааг тохиролцоогүй бол талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хэлэлцээр амжилтгүй болсныг илтгэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эхлүүлэхийн тулд "Эвлэрүүлэн зуучлалын тухай мэдэгдэл" хүргүүлнэ.

   Талууд эвлэрүүлэн зуучлагчийн талаар тохиролцох бөгөөд хэрэв 14 хоногийн дотор тохиролцож чадахгүй бол холбогдох Эвлэрүүлэн зуучлах төв эвлэрүүлэн зуучлагчийг томилно. Эвлэрүүлэн зуучлалын хуралдааныг эвлэрүүлэн зуучлагчийг томилсноос хойш 45 хоногийн дотор хийх бөгөөд аль нэг тал ажиллагаанаас татгалзах эрхтэй болохоос өмнө дор хаяж нэг өдөр үргэлжилнэ.

    Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэг өдрийн дотор үргэлжлүүлэхээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл эсвэл нэг тал [эсвэл эвлэрүүлэн зуучлагч] тодорхой гацаанаас үүдэн үргэлжлүүлэх шалтгаан байхгүй гэж мэдэгдэн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай мэдэгдэл" илгээж болно. Эвлэрүүлэн зуучлалын эхний хуралдаанаас хойш 30 хоногийн дотор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгахын тулд бүх боломжит хүчин чармайлт гаргана.

    Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад аль ч тал А хэсгийг бүрэн биелүүлээгүй нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг үргэлжлүүлэхгүй, хойшлуулах шалтгаан гэж үзэж болохгүй. Эвлэрүүлэн зуучлах тухай мэдэгдлийг хүргүүлэх нь нь талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан буюу зуучлагч гацаанд орсон тухай мэдэгдэл гаргаснаас хойш 30 хоногийн дотор маргаантай холбоотой аливаа хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлнэ. Талууд өөрөөр тохиролцоогүй бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг тал бүрд тэнцүү хэмжээгээр хариуцна.

     А ба В үе шатны бичгийн болон аман аливаа харилцаа нь нууц байх бөгөөд нотлох баримтын холбогдох журмын үүднээс шийдвэрлэх хэлэлцээр гэж үзнэ. Гэсэн хэдий ч маргаан гарахаас өмнө ердийн бизнесийн явцад бий болсон, өөрөөр илчлэх боломжтой баримт бичгүүд нь зөвхөн хэлэлцээ буюу зуучлалын үйл явцад ашиглагдаж байгаа тул нууц биш байна.

    Эвлэрүүлэн зуучлагч буюу Эвлэрүүлэн зуучлах төвийн нөхцөлийн дагуу үйл явц нь нууц байна.

С. Арбитр

    А, В хэсэгт заасны дагуу хэлэлцээ, зуучлалаар шийдэгдээгүй аливаа маргааныг  [Арбитрын төвийн нэрийг бичнэ]-ийн дүрмийн дагуу эцсийн бөгөөд заавал биелүүлэх арбитраар шийдвэрлэнэ. Маргаан нь […] төгрөгөөс хэтрээгүй тохиолдолд арбитрыг нэг арбитрч, түүнээс энэ тохиолдолд төвийг сахисан гурван арбитрчийн бүрэлдэхүүн ажиллагааг явуулна. Талууд арбитрын ажиллагаа нь эцсийн бөгөөд заавал биелүүлэх ёстой бөгөөд бусад маргаан шийдвэрлэх байгууллагад (шүүх)  хандах эрхээсээ татгалзаж байна.

 

Тус эвлэрүүлэн зуучлалын загвар заалтыг эндээс татаж авах боломжтой: https://bit.ly/3IeW2CF

    Тус эвлэрүүлэн зуучлалын загвар заалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд боловсруулав.