Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Шүүхийн сахилгын хороо, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Техникийн туслалцаа, мэдээлэл солилцоо” хөтөлбөр (TAIEX)-ийн шинжээчдийг өнөөдөр (2025.12.03) хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа, Г.Даваадорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Э.Номуулин, Шүүхийн сахилгын хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Одонгоо, нөгөө талаас Латви улсын Бүс нутгийн Захиргааны хэргийн шүүгч Каспарс Беркис, Польш улсын Ерөнхий болон Цэргийн шүүхийн шүүгч бөгөөд Хүний нөөц, зохион байгуулалтын газрын дарга Марта Кожучовска-Варивода, Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч Доминик Чешкевич нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа уулзалтын эхэнд Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг, бодлого, зорилтын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно гэж заасан. Шүүх улсын төсвөөс санхүүжиж, Шүүхийн үйл ажиллагаа явуулах баталгааг төр хангана. Мөн Монгол улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод шүүхийн төсвийн хэмжээг Монгол улсын төсвийн хоёр хувиас доошгүй байх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гэсэн ч батлагдсан төсвүүд хангалтгүй байгааг дурдаад Европын холбооны гишүүн орнууд тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман улстай хамтран хэрэгжүүлж байгаа Ханнс Зайделын сан, GIZ зэрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд Монгол улсын шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгааг онцолсон юм.

Польш улсын Ерөнхий болон цэргийн шүүхийн шүүгч бөгөөд Хүний нөөц, зохион байгуулалтын газрын дарга Марта Кожучовска-Варивода Монгол улсын шүүх тогтолцоо нь улс төрийн нөлөөллөөс ангид байх эрх зүйн орчин бүрдсэнийг сайшаагаад, өөрийн орны шүүх тогтолцоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон юм. 2018 оноос хойш Польш улсын Шүүхийн үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг улс төрчдийн нөлөөгөөр томилдог тогтолцоо бий болсон. Мөн “Хазаарлагч хууль” буюу шүүхийн сахилгатай холбоотой гарсан хуулиудыг шүүхийн салбарынхан эсэргүүцэж, Шүүгчид өөрсдөө манлайлал үзүүлэн жагсаал зохион байгуулж, 30 мянган энгийн иргэн дэмжин оролцсон томоохон жагсаал 2020 онд өрнөж байжээ. Өдгөө ч энэ хуулийг өөрчлөх асуудал яригдаж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгааг дурдлаа.

Латви улсын Бүс нутгийн Захиргааны хэргийн шүүгч Каспарс Беркис Монгол улсын шүүхийн тогтолцоо нь манай улстай ижил төстэйг дурдаад төсвийн хувьд харьцангуй дэвшилтэй байгааг хэллээ. Тус улсын хувьд шүүхтэй холбоотой хэрэг маргаан их байдаг ч шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо хангалттай бус байгаа нь төсөв мөнгөтэй холбоотой юм байна. Иймд Монгол улсын шүүхийн салбарын төсөв хэрхэн яаж батлагддаг, ямар бодлого хэрэгжүүлдэг талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм. Ийнхүү хоёр тал шүүх эрх мэдлийн салбарын амжилттай ололттой асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.