Өнөөдөр (2025.12.09) Авлигын эсрэг Олон Улсын өдөр тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2003 онд жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг Олон Улсын өдөр болгон тунхагласан бөгөөд энэ өдөр авлигын хор уршгийг олон нийтэд сануулж, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, нийгэм, эдийн засагт хор учруулж буй авлигатай тэмцэхийг дэлхий даяар сурталчилж уриалдаг.

Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид нэгдсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Төр, Иргэний нийгэм, Олон Улсын байгууллагуудтай хамтран авлигын эсрэг арга хэмжээ, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хяналтын шатны болон авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулж эхэлсэн.
Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан “Авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөө”-ний дагуу Авлигатай тэмцэх газартай хамтран бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2025.12.09) Завхан аймагт баруун бүсийн аймгуудын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулж байна.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
