Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа өнөөдөр (2026.05.12) Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон богино хугацааны зөвлөх Мартин Хуссельс, Мартин, Дорис Нүкель нартай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, туршлага, зөвлөмжөөр дэмжин ажиллаж буй төслийн хамт олонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа талархал илэрхийлэв. Мөн шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагаар судалгаа хийлгэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавив.
Уулзалтын үеэр талууд шүүгчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, үнэлгээ, томилгооны тогтолцоо, шүүгчийн ажлын ачаалал, ерөнхий шүүгчийн эрх, үүрэг, хариуцлага, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн шүүгчдийг сахилгын зөрчил, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын сайн туршлагын талаар ярилцав.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа нар оролцов.



ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ